Thursday 23 February 2012
  • Эхлэл
  • Эдийн засаг
  • Нийгэм
    • Дэлхий дахинд
      • Нийтлэл
        • Ярилцлага
          • Зургийн сан
            • Шар мэдээ
              • Чөлөөт цаг
                • Б.ДОЛГОР:М.ЭНХБОЛД,С.БАЯР,С.БАТБОЛД ГУРВУУЛАА...

                  Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны дэд дарга  Б.Долгортой ярилцлаа.

                  -Ахлах зөвлөх гэхээр Ерөнхий сайдад  зөвлөж байгаа аппаратыг удирддаг гэж ойлгож болох уу?
                  -Ерөнхий сайдын зөвлөхүүдийн үйл ажиллагааг зохицуулан  уялдуулж, мөн  Ерөнхий сайдын ажлын албыг зангидаж ажилладаг гэж ойлгож болох юм.  Зөвлөхүүд Ерөнхий сайдад бодлогын бүхий л чиглэлээр зөвлөгөө өгөх гол үүрэгтэй.

                  -Та дараалсан гурван Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа байх аа?

                  -М.Энхболд Ерөнхий сайдын үед Нийгмийн болон эрх зүйн бодлогын зөвлөхөөр, С.Баяр даргыг Ерөнхий сайд байхад мөн энэ чиглэлийнх нь зөвлөх байсан юм. Харин С.Батболд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр нь ажиллаж байна.

                  -Засгийн газрын, Ерөнхий сайдын авч хэрэгжүүлж байгаа бодлогод зөвлөхүүдийн оролцоо их байх уу. Зөвлөснийг нь тусгаж авахгүй явдал гардаггүй уу?

                  - Засгийн газрын тэргүүн гүйцэтгэх засаглалыг удирдана гэдэг асар өргөн хүрээтэй ажил. Салбар, салбарын бодлого ямар байна, үүнийг шинэчлэх сайжруулах талаар юу хийх ёстой вэ, яаж шинэчлэл хийх вэ, тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх гарцыг олох гээд зөвлөхүүдийн үүрэг их. Яамд болон төрийн  холбогдох байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн,  олон нийтийн зүгээс  энэ асуудлыг хэрхэн дүгнэж байгаа гээд  бүхий л түвшин, аль ч хүрээнд нь  өргөн хүрээтэй судлан нэгтгээд дүр зургийг нь гаргаж байх ёстой. Нэгдсэн том зураг дээр асуудлыг тавьж үзсэнээр бодлого зөв, буруу явж байна уу, сайжруулахын тулд яах уу гээд шийдлүүдийг олж харж санал болгох нь чухал юм. Салбарын бодлогын асуудлуудыг тухайн зөвлөх нь хариуцна. Харин ахлах зөвлөх бол  салбар бүрийн асуудал, дүр зургийг нэгтгэж, дүн шинжилгээ хийж байж л Ерөнхий сайдад зөвлөх шаардлагатай болдог юм.


                  -Ерөнхий сайд нарын зөвлөхүүд нь дандаа эрчүүд байдаг юм билээ?

                  -Тийм байх шүү. Сүүлийн гурван  Ерөнхий сайдад надаас өөр эмэгтэй зөвлөх байгаагүй ээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа  Б.Дэлгэрмааг зөвлөхөөр ажиллуулж байсан санагдаж байна. Бусад Ерөнхий сайдуудад эмэгтэй зөвлөх ажиллаж байгаагүй байх аа.


                  -М.Энхболд, С.Баяр, С.Батболд гэсэн гурван Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Хүнийхээ хувьд ямархуу хүмүүс вэ. Нэг нэгнээсээ ялгарах зүйл бишгүй л байдаг байлгүй?

                  -Зөвлөх нь  Ерөнхий сайд нараа дүгнэж тодорхойлох нь онцгүй юмуу.


                  -Гэхдээ ажлын арга барилаас нь  хэлж болно шүү дээ?

                  - Эрэгтэй удирдагч нар харьцангуй эдийн засгийн чиглэлийн бодлогыг түлхүү анхаараад нийгмийн бодлогын асуудалд хоёрдогч байр сууринаас хандах хандлага ажиглагддаг л даа.  Харин энэ гурван Ерөнхий сайд гурвуулаа нийгмийн бодлогыг  асар их анхаардаг байснаараа ялгарна.
                  М.Энхболд сайд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар даацтай  бодлого барьж ажиллаж ёстой гэдэг байсан. Үүнийгээ ч ажил хэрэг болгохоор дорвитой зүйл хийж байлаа. Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлсийг нэмэх талаар шийдэмгий алхам хэрэгжүүлж байсан. Тэр үед цалин болон тэтгэврийг шууд хоёр дахин өсгөсөн юм даг. 
                  С.Баяр сайд  нийгмийн бодлогыг нэгдүгээрт тавьж түүнтэйгээ бусад бодлогоо уяж ажиллахыг даалгадаг байсан. Мөн Атрын III аяныг эхлүүлж, дотооддоо буудай, хүнсний ногоогоор бүрэн хангах зорилт тавьж байсан нь өнөөдөр биеллээ олж байна.  
                  С.Батболд сайд болохоор  хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн гэсэн хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийг чухалдаг. Нийгэм, хүндээ чиглэсэн бодлогыг шууд дэвшүүлээд ажил хэрэг болгоод явж байх жишээтэй.


                  -Арав гаруй жил дуншиж байж Жендерийн тэгш эрхийн байдлын тухай хуулийг  өнгөрсөн хавар баталж гаргалаа. Гэвч зарим заалтуудыг нь 2013 оноос мөрдөж эхлэх юм билээ?

                  - Хүний хөгжлийн асуудал яриад ирэхээр л  нийгэм  дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангах асуудал сөхөгддөг. 
                  М.Энхболд Ерөнхий сайд, намын дарга байхдаа  жендерийн асуудлыг дэмжиж Намын их хурлаар асуудлыг оруулж, намын удирдах байгууллагуудын дотор эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувь байна гэж шууд тогтоож байлаа. Өмнө нь бол нэр дэвшигчийн квоттой байсан нь хэрэгжих, хэрэгжихгүй байх нь олонтаа байлаа. 
                  С.Баяр Ерөнхий сайд байхдаа Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг баталж гаргах нь зүйтэй юм байна, Засгийн газраас төслийг боловсруулж өргөн барих хэрэгтэй гээд ажлын хэсэг томилж байсан юм. Тэр ажлын хэсгийг нь би ахалж байлаа.  Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулаад УИХ-д өргөн барьсан. 
                  Энэ хуулийг батлуулах талаар Ерөнхий сайд С.Батболд анхаарал тавьж, УИХ-ын удирдлагатай санал солилцож намын бүлгийнхэнд танилцуулж, батлах цаг нь болсон гэж бодлого гаргаж байж олон жил хүлээгдсэн хуулийг батлуулсан.


                  -Үе үеийн Ерөнхий сайд нар Жендэрийн хорооны дарга байдаг учраас дэмжихээс  аргагүй биз ээ?


                  -Жендэрийн асуудал гэдэг нь өөрөө хөгжлийн үндсэн нөхцөл гэдгийг, дэлхий нийтээр гаргасан чиг хандлага гэдгийг ойлгож дэмжинэ гэдэг нь асар чухал юм.


                  -Ерөнхий сайд асан С.Баяр таны чадварыг өндөрөөр үнэлдэг байсан юм болов уу гэж сэтгүүлчийнхээ  хувьд ажигладаг. ЗГХЭГ-ын даргаар томилон ажиллуулж байсан. Гэтэл С.Батболд Ерөнхий сайд болоод таныг Ч.Хүрэлбаатараар сольсон. Эмэгтэй хүн гэдэг үүднээс хандсан юм болов уу?


                  -Гурван Ерөнхий сайдын  зөвлөх, ЗГХЭГ-ын дарга гэсэн хариуцлага өндөртэй албыг хашиж байсан, одоо ахлах зөвлөхөөр ажиллана гэдэг  нь надад өндөр итгэл үзүүлж байгаа хэрэг л гэж боддог. Ийм хэмжээний хариуцлага үүрэх боломжтой хүн гэж үнэлж л томилж байгаа. Миний хувьд энэхүү өндөр итгэл найдварыг  биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж ирсэн. Ойлгодог хүмүүст бол эмэгтэй хүн энд ажиллах нь давуу тал болж, ойлгодоггүй  хүнд бол харин сул тал болж харагддаг байх.


                  -Та шүүхэд, УИХ-ын Тамгын газарт ч олон жил ажилласан  туршлагатай хуульч хүн. Шүүхэд шинэчлэл хийх талаар ямар бодолтой байдаг вэ?


                  -Хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийн байгууллагуудад  шинэчлэл  хийх нь  нэн тулгамдсан асуудал болсон. Энэ асуудлаар сэтгэл эмзэглэж явдгаа  ч удаа дараа хэлж байсан. Шүүх бол хараат бус байж, эрх мэдлээ жинхэнэ ёсоор бие даан хэрэгжүүлдэг байх ёстой.  Гэтэл шүүхийн энэ эрх мэдэлд хэн халддаг вэ гэхээр бизнесийн бүлгүүд болон улс төрийнхэн. Шүүх бие даасан байя гэвэл энэ бүхнээс л хамааралгүй байх шаардлагатай.


                  -Өнөөдөр шүүх улс төрөөс хараат байж чадахгүй байна гэж үү?


                  -Тодорхой бизнес, улс төрийн  бүлэглэл нөлөөлж байгаа нөхцөлд шүүх бие даасан, хараат бус байж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хийе гэвэл шударгаар ажиллах, ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд л онцгойлон анхаарах нь чухал. Түүнээс хуулийн зохицуулалт нь ийм, тийм байна  гэдэг нь дээрх нөлөөлөлтэй  харьцуулахад үнэндээ жижиг зүйл. Хуулийг дор дор нь засч сайжруулаад байх бололцоотой.


                  -Нөлөөлөлгүй болгох гарц нь юу вэ?


                  -Улс төр өөрөө илүү цэвэр, ёс зүйтэй болж байж л өөрчлөгдөнө. Мөн тэднээс хараат бус ажиллах тогтолцоог бүрдүүлж гэмээнэ ахиц гарна. Хамгийн гол нь энэ тогтолцоог хараат бус байлгах хүсэл зоригоор  хийх ёстой. Шинэчлэлийг хийнэ гэж  ярьж байгаа хүмүүс болон институци нь өөрсдөөсөө хамааралтай байлгахад чиглүүлээд байвал ямарч  шинэчлэл болж чадахгүй.


                  -Ерөнхийлөгч Шүүхийн багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Засгийн газраас санал авсан. Та Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөс гадна улс төр, хууль эрх зүйн зөвлөх нь юм билээ. Эдгээр хуулийн төслүүдэд  засч залруулах ч гэдэг юм уу алдаа оноотой зүйл байна уу?


                  -Хуулийн төслүүдтэй танилцалгүй яахав. Төрийн ордонд шүүхийн шинэчлэлийн талаар нэгэн чуулга  уулзалт болсныг  хүмүүс санаж байгаа байх. Хуулийнхан  цугласан тэр чуулга уулзалтад Ерөнхий сайд С.Батболд оролцож “Шүүхийг улс төрөөс болон бизнесийн ашиг сонирхлоос хамааралгүй болгох нь шинэчлэлийн гол амин сүнс нь” гэж онцолж хэлсэн юм. 
                  Хуульч мэргэжилтэй, Улс төр, эрх зүйн бодлогын  зөвлөхийнх нь хувьд шүүхэд шинэчлэл хийх нь зайлшгүй гэдэг байр сууриа илэрхийлж байсан.  Засгийн газраас санал авахаар ирүүлсэн хуулийн төслүүдийг судалж үзсэн.  Нааштай зүйлүүд олон бий ч зайлшгүй анхаарах асуудал бас байна лээ. УИХ-ын хэлэлцүүлгийн явцад  сайжруулах биз ээ.


                  -Та хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний албаа хашиж байгаа юу?


                  -Тийм ээ. Хуульч  эмэгтэйчүүдийн холбооны гишүүд бүгдээрээ хуулийн байгууллагад ажилладаг. Сайн зүйлийг дэмжиж, саар зүйлсийг засахын төлөө манай холбооны гишүүд хүч сэтгэлээ зориулан ажиллаад бараг 20 жил рүү дөхөж байна.


                  -Улсын дээд шүүх МАХН гэсэн нэрээр улс төрийн 18 дахь хүчнийг бүртгэсэн. Та үүнийг хуульч хүнийхээ хувьд хэрхэн хүлээж авсан вэ?
                  - Илэрхий байгаа зүйл юу вэ гэвэл Улсын дээд шүүх тухайн асуудлаар Үндсэн хуулийн Цэцээс асуулт асуучихаад Үндсэн хуулийн цэцийн хариултаас өөр шийдвэр гаргаж байгаа нь хэний ч хараажаар инээдтэй хэрэг. Тэгээд ч цагаан цаасан дээр хараар бичсэн Хуулийн заалтууд хүчинтэй үйлчилж байгааг хүмүүс харж байгаа. Энэ бол миний яриад байгаа нөлөөнөөс ангид байх тухай асуудал ямар чухал болохыг баталж байгаа хэрэг.


                  -Танай нам дотор олон үйл явдал өрнөж байна. Эмэгтэй хүнийхээ хувьд энэ маргаан, талцал, хэрүүл, тэмцлийг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?


                  -Эмэгтэйчүүд  уялдуулан зохицуулах, эвийг хичээх,  аль болохоор эвдрэлцэхгүй байх талаас нь ханддаг. Манай намыг удирдаж байсан хүн цөөн ч гэсэн хүмүүсийг дагуулаад гарна гэдэг санаанд багтамгүй л зүйл. Тэр хүмүүс юуны төлөө ажиллаж зүтгэж  байсан болж хувирах вэ. Нэг намын бүрэлдэхүүнд багтаад, нэгэн санаа зорилготой мөр зэрэгцэн зүтгэж явсан хүмүүс шүү дээ. Гэтэл жижиг зүйлээс болоод эвдрэлцэж байгааг харахаар үнэхээр таагүй санагддаг. Магадгүй тэр хүмүүстээ бидний аар саархан шалтаг гэж харж байгаа зүйл эвлэршгүй асуудал байхыг үгүйсгэх аргагүй. Гэвч ямагт том эрх ашгийн үүднээс бусад асуудлыг орхиж чаддаг  байх хэрэгтэй л гэж бодож байна.


                  -Сүүлийн үед шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болсон гэж ярьдаг болж. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд  эмэгтэйчүүдийн квотыг 15 хувь байна гэж тусгаад байгаа. Харин МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаас 25 хувьд хүргэх санал тавиад байгаа юм билээ. Дэмжих нь үү?


                  -Дэмжих байх л гэж бодож байна. Ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг асуудлууд яагаад одоо болтол шийдэгдэхгүй, ахиц гаргахгүй  байна. Энэ нь бодлого тодорхойлоход бүсгүйчүүд  оролцох шаардлагатай болсон гэдгийн илрэл юм. Нийгмийн эдгээр тулгамдсан асуудлыг эмэгтэй хүн илүү мэдэрч, харж шийдвэрлэж чадна. Угаасаа ч  нийгмийн салбарын асуудалд эмэгтэйчүүд эхчүүд  анхаарал тавьдаг, санаа нь зовдог. Тиймээс  шийдэхийн төлөө зүтгэж зөв бодлого хэрэгжүүлж, дутагдаад байгаа зохицуулалтыг олж харж шигтгэж чадна гэдэгт итгэдэг.   Өнөөдрийг хүртэл  энэ  өнцгөөс нь хандаж чадахгүй байгаа болохоор хүний төлөө гэсэн амин чухал асуудлууд тодорхой хэмжээгээр анхаарлын гадна үлдээд байгаа юм. Яахав, тодорхой  зүйлүүд яриад  хийгээд байгаа ч үр дүн муутай байгаа. Тэгэхээр эрчүүд давамгайлсан парламентын бодлого нь өрөөсгөл, шийдвэр нь оновчгүй байгаатай холбоотой. 
                  Түүнээс хүүхнүүд дарга болох гэж амбицлаад, квот тогтоолгож илүү эрх ямба эдлэх гээд байгаа зүйл байхгүй. Улс орноо хөгжүүлэх, төрийн бодлого шийдвэр гаргахад  эмэгтэйчүүдийн төлөөллийн дуу хоолой хүрэхгүй байна. Тиймээс парламентын түвшинд эмэгтэйчүүдийн тоо нэмэгдвэл нийгмийн бодлогод эрс өөрчлөлт орно гэсэн итгэл дүүрэн байгаа.

                  -Таныг УИХ-ын гишүүн байхад манай улсын парламентад хамгийн олон эмэгтэй гишүүнтэй байсан байх аа?


                  -Тийм шүү.   Сүүлийн 20 жилийн парламентын түүхэнд хамгийн олон буюу есөн эмэгтэй гишүүн 2000-2004 онд сонгогдон ажиллаж байсан. Нийт гишүүдийн 12 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан. Энэ  тоо буурсаар одоо  3.9 хувь болсон  байгаа.
                  Тэр үед бид парламентад эмэгтэйчүүдийн бүлэг байгуулаад, гарцаа байхгүй шийдэх ёстой нийгмийн чиглэлийн хууль тогтоомжийг батлуулж гаргаж чаддаг байлаа. Бид саналаа нэгтгээд УИХ-ын удирдлага, намын бүлгийн түвшинд  танилцуулаад дэмжлэг авахуулж чаддаг байсан юм. Жишээлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан. Энэ хуулийн төслийг өмнө нь Хуульч эмэгтэйчүүдийн холбоо боловсруулаад, дахин дахин шинэчлээд, хүмүүсийн санаа бодлыг тусгаж  хэлэлцүүлээд арван жил болсон ч   УИХ-аар хэлэлцэж баталдаггүй. Ийм  тулгамдсан асуудал байна гэхээр  эрэгтэй гишүүд дэмждэггүй, Засгийн газар ч ойлгодоггүй байсан. Тэр үед эмэгтэй гишүүд бодлого болгон гаргаад, эмэгтэйчүүдийн ТББ-уудын дэмжлэгийг авч  энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд   батлуулж байсан. Халамжийн тухай, гэр бүл, ахмад настнуудын зэрэг нийгмийн чиглэлийн олон хуулийг энэ үед гаргаж байлаа. Тэгэхээр парламентын түвшинд наад зах нь 15 эмэгтэй гишүүн сонгогдвол улс төрд ч, нийгмийн дүр төрхөд ч, хүмүүсийн амьдралд ч өөрчлөлт гарна гэж би боддог. 
                  Д.Доржпагма